Sunday, December 13, 2009

Оройтсон гэмшил

Ууганаа хүйтэн шалан дээр хаалгаа налан өвдөгөө тэврэн эхэр татан өөртөө гомдон уйлан сууна. Нөхөр нь дөнгөж сая мөн л уусан архиныхаа ааг, гарын шүүсээ түүнд гаргаад хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод хаалга саван гарч одов. Ууганаа, Ачлалт хоёр ханилаад арваад жил болж байгаа хэдий ч одоог хүртэл үр хүүхэд заяасангүй.

Анх Ачлалт түүний хойноос яаж үхэн хатан гүйж авч сууснаа одоо мартсан бололтой. Ууганаад нэг нууц байдаг ч тэрээр хайртай залуугаа алдахгүйн тулд хэлж зүрхэлсэнгүй өдий хүрчээ. Хүнд өөрөөсөө ч нуух нууц гэж байдаг бол Ууганаагын хувьд тэр нь энэ нууц байв. Одоо тэр хийсэн нүглийнхээ горыг амсаж байгаа нь энэ хэмээн өөрийгөө яллан өдөр хоногийг өнгөрөөн хувь заяатайгаа эвлэрэн амьдардаг нэгэн. Ууганаа есдүгээр ангийн жаахан охин дэгж дэрвэж гүйж явахдаа найз залуугаасаа жирэмсэн болчихов. Тэрээр өөрөөсөө гурав ах дэгжин залуутай үерхэж ханилан сууна дээрээ тулчихсан байтал нөгөөх нь жирэмсэн болсоныг нь мэдэнгүүтээ зангаа хувирган гадагшаагаа сургуульд хаяад яваад өгөв. Ууганаа хэнд хандахаа мэдсэнгүй. Тэрээр ээжтэйгээ хоёулахнаа амьдардаг бөгөөд амьдрал нь тийм ч сайнгүй. Тэгээд ч ээжээсээ айхын эрхэнд аргаа бараад дотнын найз охиндоо нэг өдөр хулган байж хэлэв. Цацрал ч өөрийнх нь үеийнх болохоор үнэндээ мэдэх чадах юм байсангүй. Хоёулаа ямарч байсан үзүүлж авхуулсан нь дээр, хар нялхаараа эцэг нь байхгүй хүүхдээр яахав гээд сэмхэн сураг ажиг тавьсаар нэгэн хямдхандуу үнэтэй хувийн эмнэлэг олж очив. Үзүүлэхээр хүлээж байхдаа Ууганаа айн чичирч байлаа. Цацрал хий л гарыг нь атган тайвшируулахаас хэтрэхгүй. Ууганаа уг нь томоотой, даруухан, нүдэнд дулаахан охин бөгөөд хөвгүүдтэй тэр бүр найзлаад байдаггүй нэгэн. Анх найз залуутайгаа дэлгүүрт халамцуу явахад нь танилцаж билээ. Цолмон ч түүнийг эргүүлсээр нэг л шөнө охин насыг нь эзэмдэн өөрийн болгов. Тэрээр хайртай дуртай, ханилан сууна, сайхан амьдарна хэмээн элдэв сайхан үгээр хуурч, үнэн хэрэгтээ Ууганаагын хэрэг болоход л түүн дээр хаяа нэг ирж эр бярынхаа хүслийг дардаг байлаа.

No comments:

Post a Comment