Sunday, December 13, 2009

Болжмор-2

Хандаа бусдын л адил эрүүл саруул сайхан явсан. Бусдаас ялгараад байхгүй ч сургуулиа төгсөн Барилгын техникумд орж үе тэнгийн олон залуустай бужигналдан явж байхдаа хайр дурлал, гэнэн томоогүйрхэл зэргийг амсч билээ. Тэрээр эргэн дурсахыг ч хүсдэггүй өнгөрсөн амьдрал нь яагаад гэнэт ийнхүү бодогдох болсоныг гайхан гурван хүүхдээ нүд гүйлгэн ээлжлэн ширтэж байтал

- Ээжээ хоолоо ид хэмээн Сувдаа аягатай хоол, халуун цай барин өмнө нь суув. Аманд нь цай халбагдан уулгаад, араас нь хоол өгөх жаахан охиноо хараад энэ охиноо нэг сургуулийн бараа харуулчихвал ч овоо сэргэлэн юмсан. Муу охин минь л энэ гэрийг авч явж байна даа. Арваадхан насанд чинь ийм хүнд ачаа үүрүүлж буй ээжийгээ уучлаарай хэмээн бодохын сацуу хоолой дээр нь бүлх шиг юм тээглэхэд хахаж цацав. Сувдаа сандран нурууг нь зөөлөн цохиж өгөөд

- Ээж ээ та зүгээр үү...нээрээ би шөнө ёстой гоё зүүд зүүдэлсэн. Та хөл дээрээ босчихсон надад хоёр гараараа чихэр өгч байтал Жижгээ булаагаад авчихлаа гэж...хэмээн нүд нь очтон хүүхдийн гэнэн төрхөөр хөгжилтэй инээхэд Хандаа өөрийн эрхгүй уйлж орхив. Сувдаа ээжийгээ уйлуулсандаа өөрийгөө буруутган яах учраа олохгүй халтар гараараа нулимсыг нь арчиж өгөөд

- Ээж ээ, энэ мах нь хатуу байна уу, маргааш өвөөгийн цалин буухаар сайхан хонины мах авч таньд гурилтай хоол хийж өгнө за

- Зүгээр ээ...миний охины хоол ёстой сайхан амттай болсон байна. Ээж нь болсон, өөрөө хоолоо ид гээд буцан хэвтлээ. Бага дүү нь нусаа шоржигнотол татан пүнтүүзийг нэг нэгээр нь амандаа хийн тоглож байхыг хараад

- Жижгээ наад хоолоо зүгээр ид, хэзээ идэх юмаараа тоглож байсан юм...хэмээн хээв нэг загнах нь түүний залуу насыг өөрийн эрхгүй санагдуулхад Хандаа нулимс тогтсон нүдээрээ өөрийн эрхгүй инээмсэглэв. Мөнгөө ээжийнхээ инээмсэглэж буйг хараад Сувдааг цохин даган инээхэд Сувдаа ч инээж бага дүү нь учрыг нь ололгүй нөгөө хэдээ даган хөөрөн инээлээ.

No comments:

Post a Comment