Sunday, December 13, 2009

Миний ганц дайсан... -1

Нас минь ид омоглон идэр насандаа явна. Энэ нэг новшийн дайсан мэдээ орсон цагаас минь намайг дагасан. Хэзээ ч салахгүй дагах юм биш байгаа. Үгүй ээ би хүсэхгүй байна. Би чамаас залхаж байна. Гучаад жил хангалттай чамтай тэмцсэн, эвлэрч, аргадаж, аашилж, зөрүүдэлж, уйлж, сөгдөж, бусдаас тусламж эрж хүртэл ганцхан чамтай л би тэмцсээр ирсэн.

Чи намайг дийлэхгүй, чиний өмнө би сөхрөхгүй, хэзээ ч шүү. Чи намайг ялан дийлнэ гэж бодож байна уу үгүй ээ санасаны чинь гарз. Тэгэхдээ чиний ачаар, чамайг ялан дийлэхийн тулд би явж ирсэн. Тиймдээ ч би үргэлж бүхний манлай байсан. Гэвч эцсийн эцэст энэ бүхэн хэнд юунд хэрэгтэй юм. Би одоо чамаас залхаж байна. Чи өөрөө явахыг хүсэхгүй бол би чамайг явуулна. Тиймээ чи надад олон шалгуур өгсөн. Тэр бүхнийг чинь би даван туулсан. Давж гараад эргэж хараад чамайг басамжилдаг байсан. Тэгсэн ч гэсэн чи цөхрөхгүй намайг дагах юмаа тэ. Дага дага...чи залхахгүй бол би залхахгүй тэмцэх л болно.

Айлын ганц хүүхэд болгож төрүүлсэн чинь чиний хамгийн том шалгуур бөгөөд шийтгэл байсан. Дараа нь би шилдэг сурагч, оны шилдэг хүүхэд, шилдэг оюутан, ээж аавын ачлалт сайн охин...хүн бүрийн хүсээд хүрч чаддаггүй бүхэнд би хүрдэг байсан. Энэ бүхнийг зөвхөн чамд харуулах гэж, чамайг ялан дийлэх гэж махран зүтгэдэг байсан. Одоо би сөхрөөгүй ч залхаж байна. Сүүлчийн удаа омог бардамналаа уландаа гишгэн би чамаас гуйя. Намайг мөрөөр минь орхиоч новшын ганц дайсан ГАНЦААРДАЛ минь...

Энэ ханхай гэрт ганцаараа байсаар залхаж байна. Дүүгээ харж халамжилж түүнтэйгээ тоглохыг хүссэн чи надаа өгөөгүй...Сайн найзтай байж үерхэл нөхөрлөл, гэнэн томоогүй хайр дурлал, алив бүхнээ юу ч санаж бодохгүй ярихыг хүссэн чи надад бас л өгөөгүй...

Ариухан анхны хайрыг харин чи надад өгсөн гутамшигтайгаар, аймшиггүй буцааж авсан...би бас л сөхрөөгүй. Бүгд намайг тэнгэрт тултал магтаж, бүгд надаас ямар нэг ашигтай зүйлийг л харж байсан...Яагаад!!!

Яагаад гэдгийг мэдэх үү хэтэрхий зожиг, ганцаардмал байдал бүгдийг надаас холтгосон. Энэ бүхэнд чи л намайг дагаж байснаас буруутай. Одоо бол үгүй...Энэ чинь юу болоод сэтгэл тогтохгүй байнаа, юм ирэх гэж байгаа юмуу, юу билээ хугацаа нь өнгөрчихлүү. Үгүй дээ өнгөрсөн байлаа ч надад тийм боломж гараагүй шүү дээ. Би чамайг үзэн ядахын хэрээр чамтай тэмцээд хамт байгаад байх юм. Магад хэтэрхий олон жил үргэлж хамт байсаар дасчихсан юм болов уу. Үгүй үгүй...дайсантайгаа эвлэрч болох ч тэр нь чи бүү байг. Би сэтгэл дүүрэн амьдармаар байна. Өдий болтол зүтгэсэний минь шагнал ердөө л чи миний хажууд насаар минь байх гэж үү. Үгүй дээ хонгор минь. Тэгэхдээ л баяр болгоноор би чамайг бүр илүүтэй үзэн ядах юм. Ер нь гадагшаа гарах уу. Заяаны хань зам дээр гэдэг. Тэгье байз нүүрээ будаад, хувцасаа солиод гудамжаар зүгээр л жаргалтай багаа өмсөөд алхая. Тэгж болохгүй юм байна, тэгвэл бүгд намайг жаргалтай хүүхэн байна гээд инээмсэглээд л өнгөрнө. Тэгвэл ганхирсан харц гаргах уу?

Үгүй бас л болохгүй, бүгд намайг өрөвдөн харах болно...тэгээд, тэгээд би яах ёстой юм бэ. Ямар ч байсан зүгээр л гаръя. Юу ч бодохгүй юу ч хүсэхгүй зүгээр л гадагшлъя. Ийнхүү бодоод тэрээр гэнэт ухаан орон гар нүүрээ угаахаар угаалгын өрөөнд орвол дээд айлаас нь ус алдсан байх нь тэр.

No comments:

Post a Comment