Sunday, December 13, 2009

Болжмор... -1

Гадаа идэр ес эхэлчихсэн ид тачигнаж байх нь дан дулаалгатай гэрийн дотроос нэвт сонсогдоно. Хандаа охиноо оройтож байгаад гайхан хэвтэж байтал салхи татуулан хүйтэн жавар тээсээр Сувдаа хоёр гараа хооронд нь үрэн хацартаа нааж дулаацуулаад

- Тий...тий яасан хүйтэн байнаа...ээжээ таны бие зүгээр үү гэсээр ороод ирлээ.

- Ээж нь зүгээрээ, хэвтэж байгаа хүн яав л гэж. Миний охин даарсан уу, цай ч байхгүй байгаа байх даа. Гэхтэй зэрэгцэн дүү нь

- Эгч ээ даараад, өлсөөд байна хэмээн хажуунаас нь зүүгдэж авав. Сувдаа гадуур хувцасаа тайлангаа ам нь хуурайгүй сэргэлэн дуугаар

- Энэ Мөнгөө хаачихсан юм бэ. Байхгүй хооронд хань болоод байж байхгүй алга болчих юм

- Эгч нь усанд явсан одоо хүртэл алга, амьтан хүнд шоглуулж яваа биш байгаа

- Хэн л шоглов гэж, сайн дураараа хүмүүсийн зарц хийгээд явж байгаа биз

- Эгчийгээ юунд тэгдэг юм миний охин. Чи л өмөөрөхгүй бол өөр эгчийг нь гэх хүн байхгүй шүү

- За ойлголоо ээжээ. Өнөөдөр ямар хоол идмээр байна. Өвөө юу ч яахав гэж байсан, маргааш өвөөгийн цалин буухаар жаахан идэх юм авъя даа. Би хоёр шуудай нүүрс зарсан, гялс дэлгүүр гүйгээд ирье. Тэгээд таны дуртай пүнтүүзтэй хуурга хийж өгнөө. Тэрээр гал түлж гэрээ дулаацуулчихаад хажуугийн дэлгүүрлүү шурхийн гүйлээ. Дүүдээ жижиг савтай витафитын жүүс авч, өөртөө нэг шоколад аван нэг оройны хоолны юм цуглуулаад буцаад гэрлүүгээ гүйв. Дүү нь эгчийнхээ өгсөн ундааг хараад баярлан хүзүүдэн тэвэрч

- Эгчээ би чамд хайлтай...гэж шулганан онгирч байхыг нь хараад дүүгээ өхөөрдөн үнсээд гал дээр цай үүлээ. Аравхан настай охиноо ийнхүү аль хэдийн насанд хүрсэн хүн шиг бүхнийг зохицуулж байхыг хараад Хандаа өөрийн эрхгүй нулимс дуслуулан өнгөрсөнөө бодон чимээгүй бодолд дарагдав. Тэгтэл ч Мөнгөө хэмээх том охин нь инээд алдсаар ороод ирэхэд Сувдаа том хүн шиг загнан

- Чи хаагуур тэнээд алга болчихдог юм. Ээж дүү хоёрыг гал хөс ч үгүй орхиод, маргааш хамт явж нүүрс түүгээрэй, гэртээ байж чадахгүй бол өвөө бид хоёрт нэмэр болоодох гэхэд төрөлхийн сэтгэцийн өвчтэй охин нь инээн толгой дохиж харагдана.

No comments:

Post a Comment